01/10/2026
💙 SMART STORY: Дуртай ажлаа хийж, өдөр бүр өсөж хөгжих нь.
Сайн байна уу? Намайг Ганзоригийн Алтанзул гэдэг.
Би Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийг Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр төгссөн. 2022 онд Smart Software Group-д нэгдэж, өнөөдөр Смарт Ложик ХХК-ийн Төслийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байна.
Төгссөн мэргэжлээсээ өөр чиглэлд хөрвөн ажиллах нь миний хувьд шинэ эхлэл, бас өөрийгөө сорих томоохон алхам байсан. Анх IT төслийн менежерээр ажиллаж эхлэхэд “Өөрийн хариуцаж байгаа системийн функц бүрийг, товч бүрийн ажиллагааг мэддэг байгаарай” гэсэн захирлын зөвлөгөөг санаж байна. Энэ үг хариуцаж буй бүтээгдэхүүнээ бүрэн мэддэг, хийж байгаа ажилдаа эзэн байхын чухлыг надад сануулдаг.
Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төсөл дээр ажиллах, шинэ системийн хөгжүүлэлт эхлүүлэх нь надад их сонирхолтой санагддаг. Хэрэгцээ, санаанаас эхэлсэн зүйл бодит шийдэл болж, үе шат бүрд сайжрахыг харах нь дараагийн ажлаа эхлүүлэх урам болдог.
Төслийн менежерийн ажил нь олон талтай. Төслийн олон ажил урсаж байх үед ажлуудаа том зургаар нь харж, зөв чиглүүлэн удирдах нь чухал. Төслийн амжилтад олон хүчин зүйл нөлөөлдөг ч миний анзаарснаар багийн хандлага, хамтын ажиллагаа ихээхэн нөлөөтэй. Багийн гишүүн бүр зорилгоо ойлгож, нэг баг болж ажилласнаар бодит үнэ цэнэ, сайн үр дүн бий болдог.
Олон хүнээс “Төслийн менежерийн ажил чамд зохидог” гэдэг үгийг сонсож байлаа. Өөрт сонирхолтой, дуртай ажлыг минь бусад хүн ч надад тохирч байна гэж харах нь сайхан санагдаж, урам нэмдэг байсан. Төслийн удирдлагаар мэргэшиж, мэргэжлийн түвшинд ажиллахын тулд PMP зэрэг эзэмшсэн. Энэ нь хуримтлуулсан туршлагаа цэгцэлж, ажлаа илүү системтэйгээр харахад чухал алхам болсон.
Миний өсөлтийн замнал:
Implementation project manager → IT project manager → Head of Project Department
Энэ бол зөвхөн албан тушаалын өсөлт байгаагүй. Шат ахих бүрд надад хүлээлгэсэн итгэл нэмэгдэж, хамт олны дэмжлэгээр бий болсон замнал байлаа.
Өнөөдрийг хүртэл энэ замаар тууштай ажиллаж буй хамгийн том шалтгаан нь би хийж байгаа ажилдаа дуртай. Цаашид хуримтлуулсан мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцаж, бид хамтдаа өсөж хөгжихийг зорьж байна.
Миний Smart Story үргэлжилж байна. 💙