11/05/2026
ЭМГЭНЭЛ
Галсангийн Цэрэннадмид
(1951-2026)
Бидний хайр хүндэтгэлийг хүлээсэн, эрхэм хүн ахмад холбоочин Харчу овогт Галсангийн Цэрэннадмид эгч маань 2026 оны 05 сарын 7-нд хүнд өвчний улмаас таалал төгсөж, нөхөгдөшгүй гарз тохиолоо.Цэрэннадмид нь 1951 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Улаан даваа гэдэг газарт төрсөн. Бага насандаа эцэг эхийн гар дээр хүмүүжиж, 1960-1967 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 жилийн дунд сургууль, 1967-1970 онд Улаанбаатар хотын Төмөр замын техникумын Утсан харилцааны ангид суралцаж төгсөн техникч мэргэжил эзэмшсэн.1970-2007 он хүртэлх хугацаанд тасралтгүй 37 жил харилцаа холбооны салбарт ажиллах хугацаандаа Хэнтий аймгийн Баян-Овоо, Дархан сумын Холбооны салбарт эрхлэгчээр 4 жил,Хэнтий аймгийн Холбооны газарт Шугам аппаратын цехийн техникчээр 33 жил ажиллажээ. Г.Цэрэннадмид нь 1980 онд Холбооны яамнаас Дорноговь аймагт зохион байгуулсан 45 хоногийн мэргэжил дээшлүүлэх “Нягтруулгын курс”, 1985 онд Хэнтий аймагт болсон мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж, салбартаа шинээр нэвтэрсэн технологийг эзэмшиж станцын гэмтлийг богино хугацаанд илрүүлж засдаг туршлагыг нэвтрүүлж, сар улирлын хэмжилтийг цаг хугацаанд нь, чанартай хийж байгууллага салбарын тэргүүний ажилтнаар шалгарч байсан. ОВ-12-3, ОВ-3-3 станцуудын угсралт суурилуулалтын ажлыг хийж ихээхэн гэмтэл саатал гардаг хувийн хэсгийн блокуудад релейний өөрчлөлт хийж, ажиллагааг хөнгөвчлөн хагас автомат болгож хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн нь тухайн үедээ маш томоохон дэвшил байлаа.Г. Цэрэннадмидийн хөдөлмөр бүтээлийг багууллага төр засаг үнэлэн байгууллагын аварга салбарын тэргүүний ажилтан Монгол улсын онц Хүндэт холбоочин цол тэмдэг, Төрийн дээд шагнал хөдөлмөрийн хүндэт медаль, алтан гадас одонгоор тус тус шагнагдсан. Г.Цэрэннадмид нь Холбооны салбарт эзэмшсэн мэргэжлээрээ он удаан жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй, эрхэлсэн ажилдаа санаачлага гарган, аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж хамт олондоо нэр хүндтэй, шинэ залуу боловсон хүчнийг дагалдуулан ажлын арга барил эзэмшүүлэх, зөвлөгөө өгөх талаар санаачилгатай ажилладаг шилдэг тэргүүний холбоочин байсан. Ажил мэрэгжлийн арвин их туршлага сургааль үгийг тань судалж суралцан, хөгжилтэй даруу төлөв, хүнлэг зан чанарыг нь ямагт дурсаж явах болно.
УМ МА НИ БАД МЭ ХУМ
Талийгаачийн гэр бүл, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Мэдээлэл Холбооны Сүлжээ компаний
Хэнтий аймгийн газрын хамт олон