30/08/2025
Өсвөр насны хүүхэд чинь таныг анхааралтай сонсдог байгаасай гэж та хүсдэг үү? Дараах дүрэм, харилцааны стратегиуд нь үр дүнтэй харилцааг бий болгоход багагүй тусалж мэднэ:
Дүрэм 1. Хувь хүнийг нь хүндэтгэнэ. Хүүхдээ өөрийн гэсэн үзэл бодолтой байж үүнийгээ илэрхийлэхийг нь зөвшөөрөх, адил тэгш байр сууринаас хандах тусам төдий чинээ таатай уур амьсгал бүрдэнэ.
Дүрэм 2. Анхааралтай сонсоно. Идэвхтэй сонсоно гэдэг нь харилцагчаа ярьж байхад нь зөвхөн чимээгүй байхыг хэлэх бус, мөн тодруулах асуулт асуух, сонсоод ойлгосноо өөрийнхөө үгээр илэрхийлдэг.
Дүрэм 3. Ярилцах цаг, газраа оновчтой сонгоно. Хүүхэд аль болох тайван, ядраагүй, нээлттэй ярилцахад бэлэн болсон үед яриа илүү амжилттай болдог.
Дүрэм 4. Ерөнхий биш тодорхой ярина. "Чи үргэлж оройтож ирдэг" гэхийн оронд "өчигдөр бас уржигдар чи тохиролцсон хугацаанаасаа хэтэрч оройтож гэртээ ирсэн" гэж хэлэх гм.
Дүрэм 5. Сургаал, шүүмжлэлийг аль болох бага байлгана. Шүүмжлэл нь ихэнхдээ сонсох хүсэлгүй, хаалттай байдлыг бий болгодог. Хэрэгтэй чухал зүйлийг хэлж байсан ч гэсэн сонсолгүй өнгөрч мэднэ. Иймд та эхлээд хүүхдийнхээ эерэг тал оролдлогуудыг нь онцолж, дараа нь өөрчлөхийг хүсэж байгаа зан байдлыг нь эвтэйхэн хэлээд, төгсгөлд нь дэмжлэг урмын үгийг хэлж болно. Ийм дараалал нь хүүхдийг сэдэлжүүлж, хамтрах хүслийг нь нэмэгдүүлдэг.
Дүрэм 6. Шийдлийг хамтдаа хайна. Бэлэн шийдлийг танилцуулах бус харин "харин чи яаж шийдмээр байна?", "дахин ийм зүйл давтахгүйн тулд бидэнд юу хийх боломж байна вэ?" гм асууна. Хүүхэд өөрөө оролцож гаргасан шийдлээ илүү идэвхтэй хэрэгжүүлдэг.
Дүрэм 7. Үлгэр дуурайллыг үзүүлнэ. Эцэг эхийн бодит үлгэр дуурайлал нь хүмүүжил, төлөвшлийн хүчирхэг хэрэгсэл.
#Өсвөр #насны #ХҮҮХдийнхөлбөмбөг
#Хөлбөмбөг