28/08/2020
Удахгүй...
Удахгүй би жижигхээн эмгэн болно. Тэгээд мотоциклоо унаж чадахгүй, хурдтай давхиж амжихгүй. Хоёр гар салгалаад, хөл чичрээд араагаа түлхэхэд ч хэцүү болно. Бас олон цагаар машин барьж, хүссэн газраараа аялахаас бэрхшээнэ. Салхинд хийсчих гээд, аягүй бол гишгүүр довжоонд бүдрээд явна. Хараа минь муудаж, хөл минь тамираа алдаж, гар цуцдаг болно. Алсын алсын барааг хараад удаан зогсоход аньсагат нүднээс минь нулимс гоожиж, зуурдын жаварт зутарч жиндэнэ. Хайрлахаасаа айж, хагацахаасаа бэрхшээнэ. Олон цагаар уншиж, олон цагаар сууж бичихэд хэцүү болно. Аяга цайнд хөлс алдаж, алд газар хол санагдаж, үмх мах шингээж ядан, үзсэндээ төөрч, туулсандаа ядарна. Хүүхдийнхээ гарыг дагуулж горьдоод, хөөрхөн өмөлзөнө. Эмийн санд дугаарлаж, эхлүүлснээ мартаж, хөршдөө уцаарлаж, хөгийн загнана. Үсэг үзэхгүй мунгинаж, үүд хойморт цуцна. Шөнөдөө яс янгинаж, өдөртөө яг мөлхөж, үүр цүүрээр нойргүйдэж, үр хүүхдэдээ бухимдана. Балга цайндаа ааруул дэвтээгээд баашилж хүлхэнэ. Тэтгэврийн мөнгөө тоолж хадгалаад, тэвэр тэвэр чихэр авна. Амандаа шүдгүй, аашиндаа тэвчээргүй болно. Даралтны аппарат тас тэврээд, давсагны асуудлаар жорлон гүйнэ. Одоогийн залуус гэж орсон гарсанд үглэнэ, ха ха. Тиймээс юу гээч? Яг одоо л санаснаараа сахилгагүйтэж, сарвайснаараа зүтгэж, зүрхээрээ хайрлаж, зөнгөөрөө дурлаж, холыг туулж, хоногийг эцээж, амьдралыг хүссэнээрээ залж, ажлыг бодсоноороо нугалж, аяллын замыг эвхэж, алдаа онооны дундуур ассан гал, аглаг салхи, аяны шувуу, агсам адуу шиг явмаар байна. Залуу насыг залж бүтээнэ, залуурдаж босгоно...яг одоо л...Р.ЭМҮЖИН