08/12/2025
Онцлох Инженер: 40 Тэрбум Долларын Автоматжуулалтын Зах Зээл Дээр Цахиур Хагалж Буй Монгол Инженер - Батаагийн Энхболд
Батаагийн Энхболдыг Австралийн Бизнесийн Сэтгүүлээс шилдэг 10 хиймэл оюуны инженерүүдийн нэгээр нэрлэсэн нь түүний ажлын амжилт, олон улсын нэр хүндийг онцолж байна.
Дижитал эринд бизнесүүд хурдацтай өөрчлөлтөд дасан зохицож, өдөр тутмын үйл ажиллагаагаа илүү ухаантай, үр ашигтай болгохыг зорьж байна. Энэхүү шилжилтийн үед Монгол инженерүүд олон улсын тавцанд өрсөлдөж, шинэлэг шийдэл бүтээж, үндэсний бахархлыг бий болгож байна. Энэ бахархлын нэгэн тод жишээ бол Mazaal AI компанийн үүсгэн байгуулагч Батаагийн Энхболд юм. Түүнийг найз нөхдийнх нь дунд Enod Bataa хэмээн дууддаг тул цаашид энэхүү нийтлэл дээр Энод гэж нэрлэнэ.
Энод ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийг төгсөөд Юнител группт ажлын гараагаа эхэлсэн бөгөөд Тайваны Цахиурын Хөндий болох Шинжү хотын Зүүн Азийн шилдэг 30 их сургуулийн нэг болох Үндэсний Цинхуа Их Сургуульд хиймэл оюуны чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. Дараа нь Тайвань, Япон, Австрали зэрэг улсад McKinsey & Company, ExaWizards Inc, Data Artist Inc зэрэг дэлхийн тэргүүлэгч компаниудад ажиллан, хиймэл оюуны судалгаа, хөгжүүлэлтийг бодит бүтээгдэхүүн болгох чиглэлээр гүнзгий туршлага хуримтлуулсан байна. Энэ хугацаанд тэрээр эх хэлний (Natural Language Processing) гурван дэвшилтэт загварыг бүтээж, олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн бөгөөд саяхан дээр дурдсанчлан Австралийн Бизнесийн Сэтгүүлээс шилдэг 10 хиймэл оюуны мэргэжилтний нэгээр тодорсон юм.
Энод хиймэл оюуны хөгжлийг нарийвчлан судалж, тэргүүлэгчдийн нэг болон чадварлаг инженерийн хувьд хиймэл оюун бидний өдөр тутмын уйтгартай, бичиг цаасны ажлыг орхигдуулж буйг онцгой анзаарсан юм. Тэрээр Австралийн компаниуд жилд 2.3 тэрбум долларыг бичиг цаасны ажилд зарцуулж, алдаж буйг, мөн томоохон компаниуд хиймэл оюунаар хэдхэн хоногт шийдчих энгийн кодыг сар сараар хөгжүүлж буйг ажигласны эцэст энэ асуудлын эргэн тойронд том зах зээл байгааг ойлгосон юм.
Ингээд 2024 онд Австралийн Сидней хотод Mazaal AI компанийг байгуулж, бизнесийн автоматжуулалтын шинэ эринийг эхлүүлсэн тэрээр өдгөө 4 сая долларын үнэлгээтэй компанитай болжээ. Mazaal AI нь код бичих шаардлагагүй, хялбар интерфейстэй платформ бөгөөд хэрэглэгчдэд өөрсдийн ажлаа ухаантай "агент" хэлбэрээр бүтээж автоматжуулах боломж олгодог.
Энэ платформ нь 8000 гаруй аппликейшнтэй хоршиж ажиллах чадвартай бөгөөд браузер өргөтгөлийн тусламжтайгаар ямар ч вэбсайтад ажилладаг. Жишээ нь, хэрэглэгчийн асуултад байгууллагын дотоод журмаас хариулах, барааны нөөцийг шалгах, имэйл илгээх, сошиал медиа пост оруулах зэрэг ажлыг автоматжуулж, бизнесийн бүтээмжийг 20-30%-иар нэмэгдүүлдэг бөгөөд зарим тохиолдолд албан тушаалыг бүрэн орлож байна. Өнөөдрийн байдлаар Америк, Австралийн 2500 гаруй бизнес эдгээр үйлчилгээг ашигладаг бөгөөд санхүүжилтээ Австралийн засгийн газар, сахиусан хөрөнгө оруулагч (angel investor)-даас амжилттай босгосон байна.
Сахиусaн хөрөнгө оруулагч гэдэг нь ихэвчлэн өөрийн хувийн хөрөнгөөр эхний шатандаа яваа стартап компаниудад хөрөнгө оруулагч юм. Тэд "Shark Tank" шоуны нэгэн адил стартапын 5-25% хувьцааг оронд нь авдаг. Ийм хөрөнгө оруулалт нь өндөр эрсдэлтэй боловч стартап амжилттай болбол ихээхэн өгөөж ашиг авчирдаг онцлогтой.
“Бизнесүүд өсөж хөгжих хүсэлтэй ч IT хэлтэс дээрээ гацаж, энгийн ажлууддаа ч мэргэжилтэн шаарддаг тохиолдол олон байдаг. Жишээ нь, нэг системээс өгөгдөл авч нөгөөд шилжүүлэх гэхэд л технологийн мэргэжилтэн хэрэгтэй болдог. Хүн заавал хийх шаардлагагүй олон ажил байдаг тул эдгээрийг хиймэл оюунаар хийлгэх нь зөв шийдэл” хэмээн Энхболд онцолжээ. Түүний зорилго нь хиймэл оюуныг бизнесийн өдөр тутмын хэрэгцээнд хялбархан ашиглагдахуйц болгоход оршино.
Монголын оюуныг дэлхийд таниулж буй Mazaal AI-ийн гол онцлогууд:
* Mazaal AI линк: https://mazaal.ai
* AI Agent Builder – Байгууллагын баримтад суралцаж, хүн шиг ажиллах дижитал ажилтан бүтээх боломж.
* Copilot – Юуг автоматжуулмаар байгаагаа хэлэхэд автоматжуулалтын орчинг бий болгодог хэрэгсэл.
*+ Браузер Автоматжуулалт – Ямар ч вэбсайтыг контент болгон хувиргаж, нэг товч дараад сошиал медиа сувгуудад оруулах боломж.
Энод зөвхөн дотооддоо бус, хиймэл оюуны хүчийг ашиглан дэлхийн бизнесүүдийн үйл ажиллагааг хялбарчилж, Монгол хүний оюуны чадамжийг олон улсад таниулж яваа шинэ үеийн удирдагч манлайгалгч юм. Түүний алсын хараа нь хамгийн сүүлийн үеийн технологийг хүн бүрд хүртээмжтэй болгож, жижиг, дунд бизнесүүдийг хиймэл оюуны тусламжтайгаар өсөж дэвжих боломжоор хангах явдал юм.
Эцэст нь хэлэхэд стартап эхлүүлэхээр төлөвлөж буй залууст ямар зөвлөгөө өгөх вэ гэж асуухад, Энод “Битгий хий” гэж шууд хариулсан юм. Тэгээд нэмж хэлэхдээ, “Стартапуудын 95% нь бүтэлгүйтдэг. Тиймээс эхлээд сурч эсвэл ажиллахынхаа хажуугаар жижигхэн эхэлж хөгжүүлж явж байгаад, өсөлт, амжилт харагдаж эхлэх тэр үед бүрэн анхаарлаа хандуулж бүтэн цагаар орох нь зүйтэй” гэж зөвлөсөн шүү. Олон жил энэ салбарт “тогоонд нь чанагдсан” хүний хувьд гашуун үнэнийг хэлчихсэн байх гэж би ойлгосон. Эцэст нь Эноддоо улам их амжилтыг хүсэн ерөөе!
Дэлхийд өөрийн нөлөөг улам бүр тэлж, залуусын дунд жинхэнэ манлайлагч, үлгэр жишээ болоорой!
Нийтлэлийг бичсэн Др. Munkhjargal Gochoo
Монгол Инженер сонины 10 сарын дугаар