23/09/2026
Тус байгууллагаас 2026 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр албан ёсны мэдэгдэл гаргаж, блокчэйн дээр суурилсан платформуудад зориулан 5 жилийн хугацаатай түр журам гаргаснаа зарлав. Ингэснээр крипто компаниуд уламжлалт хөрөнгийн бирж шиг маш өндөр шалгууртай тусгай зөвшөөрөл заавал авах шаардлагагүйгээр, хувьцааг цахим сүлжээнд койн шиг хялбархан арилжаалах боломжтой болж байна.
Шинэ журмын дагуу блокчэйнд оруулсан "токенжсон хувьцаа" нь тухайн компанийн бодит өмчлөлийг шууд төлөөлөх эрхтэй бөгөөд хөрөнгө оруулагчдад ногдол ашиг авах, санал өгөх зэрэг компанийн хувьцаа эзэмшигчийн бүх эрхийг хэрэгжүүлж болохоор заажээ. Харин ямар нэгэн баталгаагүй, хуурамч эсвэл хиймэл койнуудыг огт зөвшөөрөхгүй гэдгийг хатуу анхааруулсан байна. Үнэт цаасны хорооны дарга Пол Аткинсын үзэж байгаагаар хувьцааг ийнхүү цахимжуулснаар арилжаа хийх үйл явц маш хурдан, орчин үеийн болохоос гадна хувьцаа худалдаж авах зардал буурч, бүх зүйл ил тод, шилэн болох давуу талтай ажээ.
Энэхүү шийдвэр нь АНУ-ын Сенатын танхим крипто салбарыг дэмжих зорилготой "CLARITY Act" хуулийн төслийг хэлэлцээд шаардлагатай саналыг авч чадалгүй унаснаас ердөө хоёр хоногийн дараа гарч буйгаараа онцлог юм. Парламентын түвшинд хууль батлагдаж чадаагүй тул Үнэт цаасны хороо өөрийн бүрэн эрхийн хүрээнд яаралтай зохицуулалт хийж, блокчэйн салбарын компаниудад эрх зүйн тодорхой орчныг бүрдүүлэх үүднээс энэхүү 5 жилийн түр журмыг нээсэн байна.
Биткоин болон крипто зах зээлд хэрхэн нөлөөлөх вэ?
Үнэт цаасны хорооны энэхүү алхам нь биткоин болон нийт крипто зах зээлд урт хугацааны маш том эерэг нөлөөг авчирна гэж шинжээчид үзэж байна.
Тухайлбал:
• Итгэлцэл ба хууль ёсны байдал нэмэгдэнэ: АНУ-ын төрийн хамгийн хатуу хяналттай байгууллага болох Үнэт цаасны хороо блокчэйн технологийг арилжаанд албан ёсоор ашиглахыг зөвшөөрсөн нь энэхүү технологийн нэр хүндийг дэлхий дахинд өсгөнө. Энэ нь биткоин зэрэг крипто хөрөнгийг "хууль ёсны найдвартай систем" гэж харах хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлнэ.
• Мөнгөний урсгал нэмэгдэнэ: Уламжлалт хөрөнгийн зах зээлийн асар том мөнгөн урсгал блокчэйн рүү шилжих зам нээгдэнэ. Хөрөнгө оруулагчид нэг хэтэвчнээсээ (крипто платформ дээрээс) Apple-ийн хувьцааг ч, биткоиныг ч зэрэг арилжаалах боломж бүрдэж байна. Энэхүү дэд бүтэц нь крипто зах зээлийн нийт үнэлгээг урт хугацаанд өсгөх том хөшүүрэг болно.
• Биткоины ханшийн тогтвортой өсөлт: Сенатын хууль унасны дараа түр саатсан Биткоины ханш энэхүү мэдээний дараа эргэн сэргэж 76,900 ам.доллар орчимд хүчтэй дэмжлэг авч чадсан. Дээрх шийдвэр нь биткоины үнэ дахин шинэ дээд амжилт тогтоох суурь нөхцөлийг бүрдүүлж байна гэж крипто шинжээчид таамаглаж байна.